Blacker

Зүүдээ зурагт үзэж байгаа мэт тухлан ширтэж, 
Зүрхээ тэнд хэрхэн жаргахыг нь мэдэрч ханаад 
Зөөлөн салхи илбэсэн хаврын гудамжинд өглөө эрт гарахад
Зөөгшсөн кофены амт зүүдний дурсамж сэргээнэ

***



Өчигдрөөс илүү өнөөдрийг
Өхөөрдөж ургуулаад маргааш болгоно.

***

Ус, цэцэг нь зурмал хэрнээ загас нь амьд зүйл бол
Чиний тухай дурсамж.
Уруул, үснийх нь зөөлөнд хурууны өндөг гүйж байсан
Тэр цагийн дуртгал.
Гэтэл, харанхуй нүүгэлтсэн харц минь муурын нүд шиг онийж 
Усанд дураар загасыг удаан харж тэсэхгүй болж байсан...
Загас гэмээнэ чимээгүй зүйл, түүнтэй адил чи үл ойлгогдоно
Муур гэтэл муухай амьтан, эрхлэхээс цааш шидгүй хог
Гэтэл, энэ хоёрыг учруулах сэдэл бодож олсон
Гэмгүй тэр амьдрал зүүднээс илүү сонирхолтой...

***
Алимны мод халимны нуруун дээр ургадаг
Аниргүй гэж байхгүй далайн чимээ нүргэлсэн
Үлгэрийн нэг орон миний дотор дайвалзаж
Үүл ч үгүй, нар ч үгүй ганцаардлаар бүүвэйлнэ

***

Tогоруу шиг харагдсан түүнд
Тоогдох болов уу гэж 
Тэнгэр өөд харахад
Түүний сүүдэр нүд рүү ороод, зүрхэнд үүрээ засчээ

***
Хурууны хээ мэт нууцлаг хүсэл
Харанхуй дотроос тодрон асахад
Хоног өдрүүд удааширч
Хүйтэн намрын бороо зүсэрнэ

***
Цахилгаан гэрэл мэт амьсгал нь
Чих рүү үлээж, бие халууцна
Цахилж одсон тэр цагийн мэдрэмжийг
Цуурайны хойноос гүйх хүүхэд шиг үгүйлнэ

***

Нэг өдөр хоёр удаа сар гарсан юм шиг,
Тийм нэг шөнийн дараа.

***

Ухарч үзээгүй цаг,
Улбар шар гэрэл.
Усан хөшигтэй
Уушийн газар
Удах тусам 
Учрал холдоно.
Ундрах үгс чимээгүй үхэж
Урссан будгийн үнэр хатаад
Улаан байсан одой сарнай
Усгүй саванд хөхөрч гандана.
Утсаар ярилгүй, уярч хайлалгүй
Урсаж одсон цаг хугацаа
Уртхан зүүд шиг цомхон болох
Ургах улаан наран мандана.

***

Шувуу, Хүслэн, Хүчитбаатар гурав
Шунгаж одов тэр бидний мэдэхгүй алс руу
Шүүрс алдан харуусахаас ч өөр яалтай
Шүлэг тэрлэж та гурвыг эргэн нэг дурсая
Хүнд мөс байдаг бол та гурвынх гэсч ч амжсангүй ээ 
Хүүхэд зан, хүсэл мөрөөдөлтэйгээ хамт үүрд гялалзах боллоо
Хүмүүс ямар мэдэх биш дээ, амьдрал ямар сайхныг
Хүний орчлонд бид ганц удаа төрөхгүй шүү дээ
Авьяас гэдэг алт шиг зүйл өнгөрсөн амьдралаас өвлөгддөг болохоор
Ахин төрвөл бид чамайг улам их хайрлах болно
Алдаа гэдгийг харин хүмүүс ухаараад
Алсарч одсон нэгнээ хүн шиг үддэг болчихсон байх болно
Гэрэл унтрах мэт үхэл гэнэт л ирдэг ч
Гэгээрэл, ухаарлыг бас бусдад үлдээдэг
Гэмт сэтгэлээр та нарыг хэмлэж байсан хүмүүс
Гэмшиж ухаарах өдөр ирэх л болно.
Нэгэн цаг үед хамт амьдарсан
Нэр нь үл мэдэгдэх бусад хүмүүсийн дурсгал ч ариун байг
Нийтээрээ бид адилхан л зүрхтэй хойно
Нисч одсон хүмүүсээ хайрласан сэтгэлээр үдэж сурна аа

***

Алимтай сагс
Агч модны навч
Аавын тухай дурсамж
3.14 


цаг хугацааг хэмжихэд чимээ гардаг шиг
цагаан өнгийг төсөөлөхөд гэрэл асна,

... Ассан тэр гэрэл минь бол
алсыг зорих зөрлөг байжээ. 

Буцаж яваа цагаан лусын 
Буян шингэсэн гэрэлт замаар, 
Оддын гэрлүүд цалгилан урсаж 
Орой зулайд минь зүүд болон юүлэгджээ.
... Аньсага завсартан нойрсож, 
амьсгал бүрэн зүгширсний хойно 
Алс оддын гэрэл ирээдүйн цууриа дуулгаж,
амь амьдралын минь тухай 
амилуулан харуулсан нь сэтгэлд тодхон. 

... агшин хормууд өнгөрнө. 
 амтат дурсамж хөнгөрнө. 
ахин цас лавсахын адил 
амьдрал өөрөө гэрэлтэнэ.

цаг хугацааг сонсохоо болиход
цагийн дуу мартагдана,
цахим ертөнцийн цуурианд 
цахилж яваадаа баярлана, 

цахиж асаасан энэхэн оч минь 
цаг хугацааг түлхэж гялбасаар 
цааш сунан тэлсээр буй огторгуйн 
цэнхэр нэгэн од болог ээ.

Галт шувууны үүрэнд

Галт шувуу мэт аварга үүлийг нэвт гэрэлтүүлсэн улаан нар тэнгэрийн мандалд гарч ирлээ. Энэ нар Номинд "Түүнийг яах вэ?" гэх асуултыг дахин сануулав. Хайр дурлалд хожих, хожигдох гэж байхгүй, зөвхөн оролцдог гэдэг үгийг тэр өчигдөр санамсаргүй уншсан билээ. Тэгэхэд сэтгэлд сайхан мэдрэмж төрүүлэх гэж хэрэндээ хичээсэн тэр залуугаас би бүр мөсөн холдож чадна гэж үү гэж бодсон. Хэрэв Номин түүний дугаарыг түгжчихвэл, дахин дуудлага хүлээн авахгүй болчихвол бүх зүйл амар амгалан болчих мэт. Ингэж өөрийнхөө оролцоог шууд түс тас хаах юмсан гэж бодовч яг шийдэж чадахгүй эргэлзэнэ. Өөрөө энэ хайр дурлалын харилцаанаас гарчихвал олон зүйлийг алдаж, сэтгэл хоосон үлдэх юм шиг битүү айдас сэтгэл дотор нь бодтой оршиж байлаа. Тэгэхдээ л түүнээс салах ёстой.

Номинд иймэрхүү хувийн бодол үүрээр ажилдаа гарахад нь л цөөн хоромд бодогдоод өнгөрдөг нь азтай хэрэг. Говьд, уурхайн ажил өглөө нэг л эхэлсэн бол орой амрах хүртэл өдөр гялс өнгөрнө. Орой нар шингэхэд уурхайн ажилтнууд бүгд л шууд унтаж, амрахыг хүсдэг. Юун өөрийн сэтгэлийн асуудалтай зууралдах. Яах вэ, иймэрхүү чөлөөт агшнууд кофе хүлээж байхад ч юм уу эсвэл газрын гүн рүү, 1300 метр луу цахилгаан шатаар уруудаж явахад төрж болох ч амархан сарнина. Энэ өдөр харин Номин ажлаа биш түүнийг өдөржин бодох болов. Учир нь өнөөдөр бол тэдний танилцсан өдөр билээ.

... Төв шуудангийн дэргэдэх кофены мухлагт хүн цөөтэй бөгөөд Номин гадаа орж байгаа бороог цонхоор ажиглан сууна. Тэр ерөнхийдөө байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авдаг болохоор энэ бороо ердийн нэгэн бороо л байлаа. Түүний цаана суугаа охин болохоор бороог өөрт нь ямар нэгэн шинэ учрал авчрах шидэт үйл явдал мэтээр бишрэн харж, цонх руу улам дөхөж, урдуур нь зөрж өнгөрөх залуу бүрийн нүдийг олж харах гэж хичээж байх шиг санагдана. Гэтэл тэдний өмнө нэгэн савхин хүрэмтэй залуу гарч ирэв. Гартаа шав шар өнгийн баглаа цэцэг барьчихсан өнөөх залуу цонхны цаана суугаа хоёр бүсгүйгээс "Би Номинг сонгож байна" гэх шиг түүний өмнө ирээд зогсчихов.
Номин дэргэдээ суугаа охин руу харахад тэр гар утас руугаа шагайж байлаа. Харин залуу Номин руу харсаар. Ямар ч сэтгэл хөдлөлгүй нүдээр Номин залуу руу тогтон ширтлээ. Залуу инээмсэглэв. Хөөрхөн гэж хэлж болохоор, хүүхэд шиг гэнэн цайлган нүд нь бороонд бүр ч тод харагдах шиг. Залуу ямар ч бичиг, сачиггүй цулгуй хар өнгөөр хувцасласан нь охинд таалагдав. Тэгэхдээ энэ цонхны цаана, солиотой шар цэцгийн баглаа барьчихсан байгаа үл таних хүн рүү тэр удаан харахыг хүссэнггүй. Өмнөө тавьсан сэтгүүл, тэмдэглэлийн дэвтэр сэлтээ цүнхэндээ хийгээд кассчин руу өндийв. Тооцоогоо төлчихөөд явахаар зэхэж байхдаа Номин дөнгөж сая ямар нэгэн залуутай харц тулгарч байснаа ор тас мартчихсан байлаа. Харин хэтэвчээ үүргэвчиндээ хийчихээд эргээд гарах гэтэл залуу түүний ард кофе барьчихсан зогсоно. Нөгөө цэцгээ сугавчилчихаж.
Хэрэв Номин "Мастер Маргарита хоёр"-ыг уншсан бол энэ үйл явдлыг насан туршид мартагдахгүй онцгой учрал гэж хүлээж авахсан. Даанч энэ учралыг ийм дэрвүүнээр хүлээж авахуйц эмэгтэй Номин биш. Харин нөгөө цонхны дэргэд сууж байсан охин тийм байж мэдэх авч залуугийн анхаарлыг татахааргүй царай муутай байсан бололтой. Тэр царай муут бүх л оройн турш ,(магадгүй бүх л амьдралынхаа турш) романтик учрал өөрт нь ирнэ гэж хүлээсэн байх. Харамсалтай нь залуу угаас үл таних этгээдүүдэд хүйтэн, хөндий ханддаг Номингийн өмнө гараад ирчээ.
Залуу Номин руу харж инээсэн ч дэргэдүүр нь зөрөөд, кассчин дээр очлоо. Номин харин гарч одов. Тэр гэрлэн дохион дээр ирэхэд гадаа орж байсан бороо жаахан ширүүсэх янзтай болов. Номингийн гэр эндээс  зайтай боловч тэр алхахыг хүсчээ. Ойролцоогоор таван гудамж хэртэй зай байв. Шүхэргүй яваа ч саарал өнгийн үс нь бороонд норж, хацар луу нь дарах нь түүнд таалагдаж байлаа. Энэ таатай мэдрэмжийг нь гэнэтийн нэг сүүдэр тасалдуулж орхив. Эргээд хартал нөгөө шар цэцэгтэй этгээд хаанаас ч юм бэ шүхэртэй болчихоод, ард нь иржээ.
- Сайн уу, зоонтиктой хань хэрэггүй биз гэж тэр асуулаа.
- Хэрэггүй дээ, надад бороо таалагдаж байна. Харин чи биш гэж тэр жишим ч үгүй хэлчихээд урагш алхаллаа.
- Чиний үс нороод байна шүү дээ.
- Чиний шүхэрний доор байснаас л дээр байна гэж Номин хэллээ.
- За тэгвэл дараа уулзая! гэж залуу өөдөөс нь тоомжиргүй хэлчихээд алхаагаа түргэсгэн түүний урд гарч алхлаа.
Залуу тийм ч өндөр биш, бие барьсан хар өмд, хөнгөн кеттэй бөгөөд хэн ч харсан аятайхан гэж хэлэхээр байлаа. Тэгэхдээ нэг тэнэг шар цэцгийн баглаатай. Охин түүний ард явж байснаа,
- Чи энэ цэцгээ хаанаас олж авсан юм бэ? Ийм цэцэгтэй бол чамд охид татагдана гэж бодоо юу хэмээн асуулаа.
Орос элчингийн хойд талын замаар хоорондоо бага зэргийн зайтай алхаж байгаа тэр хоёроос өөр хүн гудамжинд алга байлаа. Залуу хойш харангаа,
- Үгүй дээ. Тийм биш. Өнөөдөр би энэ цэцгүүдийг уулнаас авсан юм. Замд явж байхад хараад зүгээр л авмаар санагдаад л.
- Ямар уул?
- Зүүнхараа руу эргэдэг замын тэнд байдаг хустай уул. Чи тэр газрыг мэдэх үү?
- Дарханы зам дагуу байдаг уу? Сэлэнгэ рүү явж байхдаа би бас тэр хавиар шар цэцэг их гардагийг харж байсан юм байна шүү.
- Тийм ээ, тэр газар.
- Чи тэгээд өнөөдөр хөдөөнөөс ирсэн юм уу.
- За бараг л тийм. Ер нь бол Петербургээс ирж байгаа юм.
- Петербург ээ?
- Тийм ээ, Байгаль далай, тэгээд Алтанбулаг, Улаанбаатар гээд л машинаар яваад ирсэн.
- Тэгвэл тийм хол газраас ирсэн хэрнээ яагаад гэртээ биш, энд гудамжинд явж байгаа юм бэ?
- Ер нь бол би гэртээ л ирчихсэн байна. Энд ирээгүй удсан болохоор унтах хүсэл төрөхгүй байлаа л даа. Тэгээд ч замд нэлээн унтсан. Харин чи харьж яваа юм уу?
- Тийм ээ.
- Чиний үс?
- Юу гэж?
- Яагаад ийм саарал өнгөтэй юм бэ?
- Зүгээр л. Надад таалагддаг юм.
- Надад ч бас таалагдаж байна.
- Баярлалаа. Тэгэхдээ би өөр хүнд зориулж будсан юм.
- Хэнд юм бэ?
- Нөхөртөө. Энэ удаа Номин худлаа хэлмээр санагдлаа. Тэр яагаад ч юм бэ хүнтэй танилцахаараа янз бүрийн дүр эсгэчих гээд байдаг. Тэгэхдээ цаад хүндээ таалагдах гэж биш, харин өөрөөсөө түлхэх гэж тэгж хэлдэг хэрэг.
- Нөхөр ий?
- Тийм ээ.
- Чамд нөхөр ч байхгүй, бүр найз залуу байхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.
- Чи үзмэрч юм уу. Аан, оросоос ирсэн гэхээр аягүй бол Зөн билгийн тулаанч байх л даа гээд Номин жогтой инээв. Харин инээх нь залууд таалагдсан бололтой.
- Үгүй, үгүй. Би зүгээр л нисэхийн ангид сурдаг. Тийм болохоор надад ямар ч зөн билэг байхгүй. Бүх зүйлиийг бодит, тооцоон дээр үндэслэж боддог юм.
- Тэгвэл яаж намайг найз залуугүй гэж хэлж байгаа юм бэ?
- Хэрвээ чи найз залуутай байсан бол миний өөдөөс тэгж ширтэхгүй байсан.
- Би чам руу яаж ширтсэн юм.
- Юу ч гэмээр юм бэ дээ, зүгээр л энэ хүнд би итгэж болох уу гэсэн шиг харж байсан. Тэр цонхны цаана.
- Чи дандаа цонхны цаанаас үнэн, зөв мэдээлэл авдаг уу?
- Үгүй дээ. Энэ удаа л.
- Тэгвэл чи алдсан байна.
- Тэгвэл чиний нөхөр хаана байгаа юм бэ?
- Оюу толгойд.
- Эзгүй байгаа нь сайн хэрэг.
- Юу гэнэ ээ? Тэр эзгүй байх нь яагаад сайн гэж.
- Би чамтай өнөөдөр уулзлаа шүү дээ. Дараа ч бас уулзана гэж бодож байна.
- Би харин өөр зүйл бодож байна шүү.
- Юу юм бэ?
- Маргааш гэхэд л би нөхөр дээрээ оччихсон байх болно.
- Чи бас Оюу толгойд ажилладаг юм уу.
- Тийм ээ. Энэ удаа охин үнэнээ хэлжээ. Тэр говьд, шинэ уурхайд очоод хагас жилийн хугацаа өнгөрсөн байлаа. Тэнд хоёр долоо хоног ажиллаад, Улаанбаатарт нэг долоо хоног амардаг хуваарьтай ажилладаг юм.
- Тэгвэл юу хийдэг юм бэ?
- Би юу.
- Тийм ээ, нөхөртэй чинь би уулзах гээгүй шүү дээ. Энэ үг Номинд таалагдав. Үнэндээ хаана ч байхгүй нөхрийн тухай худлаа ярих нь үргэлж таалагддаг ч энэ удаа харин дэмий тэгж хэлэв үү дээ гэсэн бодол орж ирлээ.  Учир нь залуутай ярилцах нь охинд тааламжтай сэтгэгдэл төрүүлжээ.
- Архитектор гэж охин товчхон хэлэв.
- Аан. Би чамайг орчуулагч байх гэж таамаглаж байлаа. Илүү гоё мэргэжилтэй юм байна.
- Тийм шүү.
- Тэгвэл чи минималист уу?
- Үгүй шүү. Исламист.
- Айн?
- За, тоглосон юм аа. Зүгээр л надад бүх юм таалагддаг. Мэдээж минимал хэв маяг ч бас.
- Надад харин модернизм таалагддаг.
- Жишээ нь?
- Бүжиглэж буй байшин.
- Прагийн уу?
- Тийм ээ. Би тэнд нэг удаа очиж байсан.
- Тэгээд ямархуу сэтгэгдэл төрж байх юм бэ?
- Хэзээ Монголд ийм барилга хүмүүс барих бол оо гэсэн сэтгэгдэл төрсөн.
- Барих л байлгүй дээ.
- Магадгүй чи байх тийм үү?
- Магадгүй би биш байх гэвэл илүү зохих юм байна.
- Яагаад
- Яагаад гэвэл тэр хүртэл их хол байна.
- Чи чадна аа. Би мэдэж байна.
- Нөгөө үзмэрч зан нь дахиад гараад ирлээ.
- Үгүй дээ. Яг л чам шиг ийм жийнсэн хослол, үүргэвч үүрсэн, бусадтай танилцах дургүй хүмүүс агуу ихийг бүтээдэг гэж надад санагддаг юм.
- Чи тэгвэл дандаа хүний нүүрэн дээр ингэж хоосон цэцэрхдэг үү?
Энэ асуулт арай хатуудах шиг болжээ. Залуу хэсэг хугацаанд дуугаа хураав. Тэд Хүүхдийн зуугаар алхсаар, Голомт хотхоны ойролцоо иржээ. Бороо ч бараг тогтсон байв. Охин хоолойгоо засаад,
- За би бараг ирчихлээ.баяртай гэв.
- Баяртай. Дараа уулзъя.
- Дараа гэж байхгүй гэж бодож байна. Баяртай гэсээр охин явж одов.

Охин гэртээ орж ирээд нойтон хувцсаа тайлж орхиод буйдан дээр түрүүлгээрээ хэвтээд өгөв. Бодолд нь цүнхэндээ эмхэлж авах ёстой зүйл, үүрээр онгоцны буудал руу явах тухай, бас нөгөө тэнэг шар цэцэг зэрэгцэн орж ирнэ. Тэгээд гар утсан дээрээ өглөөний 03:30 минутанд сэрүүлэг тавьчихаад унтаад өглөө.
Хэрэв түүний унтаж байгааг залуу харсан бол түүнд бүр ч илүү дурлах байлаа. Өндөр шулуун хамартай, өтгөн хөмсөг, булбарай уруул, өндөр хүзүүтэй тэр охин унтаж байхдаа илүү хөөрхөн харагдана. Залууг замаас авсан цэцгээ бараг л хаана ч хамаагүй тавих гэж байхад тэр охин гэнэт харагдсан. Цонхны цаана, чимээгүй сууж байсан охинд л энэ цэцгийг өгөх гэж түүсэн юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн билээ. Гэвч тэр "Би ирчихлээ" гэж хэлээд л алга болсон. Харин түүнтэй дахиж уулзах болов уу. Залуугийн толгойд Оюу толгой гэсэн ганцхан түлхүүр үг байлаа. Ингээд бодоход залуу охиноос нэрийг нь асууж амжаагүй юм байна.
Нэгэнт өтгөн кофе уусан болохоор нойр нь хүрэх янз алга. Харин өнөө өөрийг нь нэг их тоохгүй байсан охин л толгойд нь бодогдоно.

Энэ залууг Саруул гэдэг бөгөөд Санкт Петербургт хоёр жил сураад, цааш үргэлжлүүлэх мөнгөгүйн улмаас эргээд Улаанбаатарт иржээ. Харин Улаанбаатарт хэн ч түүнийг хүлээгээгүй байлаа.




Салхитай өдрүүд


Эхлэл

Намрын салхи сайхан сэвэлзэнэ. Цаг уурын товчооны урд уулзвар дээр гэрлэн дохио хараачлан зам гарах зуурт өчигдрөөс хойш сэтгэл түгшээсэн зовиуртай мэдрэмж энэ ард зам дээр үлдэж байгаа мэт санагдана.
Өчигдөр шөнө Төмөр замд, орцон дотор хүн хүлэээж байгаад гарахдаа тамхиа овоолоостой хогны тийш нясалчихаад гарсан юм. Тамхи яг хуруунаас алдуурч байх үед гал авалцчих вий дээ гэж нэг бодсон ч хогон дотроос тамхины цогийг эрж унтраана гэдэг утгагүй санагдаад шууд явчихсан. Асахгүй л байгаасай билээ гэж бодсон хэрэг.
Урд нь бага байхдаа тагтан дээр ээжээс нуугдан тамхи татаж байгаад доош машины мотор руу унагаачихаад одоо гал гарахгүй байгаа даа гэж их удаан харж билээ. Яг тийм тохиолдлоор зүгээр өнгөрчих байх гэж найдаад явлаа.
Гэвч өглөө тийм зүйл болсонгүй. Мэйл хаягаа шалгах зууртаа мэдээ харахад "Онцгой байдлынхан 27 хүний амь аварлаа" гэсэн гарчигны хажууд нөгөө миний орхиж гарсан байшин байв. Чөтгөр гэж, шөнө хогийн сав шатаад, дээд давхар хүртэлх хоолойгоор нь утаа угаар цутгаад хүмүүс нойрноосоо сэрэхгүй тэр чигээрээ унтчих магадлалтай байж. Аз болж аврагчид сайн ажиллажээ.

Ийн өрнөсөн санамсаргүй нөхцөл байдал үнэндээ намайг бүр ч хүнд нөхцөл байдлаас аварч гарсан юм. Тэр Төмөр замын байр бол Тэргэлийн шинэ нөхрийнх нь байр байсан. Долоон жилийн турш гарч ирэлгүй алга болсныхоо хойно тэргэл нэг л шөнө, гэнэтхэн зурвас илгээгчээр холбогдоод, "Би ирчихсэн байна. Маргааш буцна. Утас чинь хэд вэ?" гэж бичсэн юм. Түүнийг гадаадаас ирэх цагт нэг уулзана даа гэж дотроо нэлээн хэд бодож байсан, магадгүй нэг орой сайхан ууж, ярих байх гэж хүлээж байсан болохоор шууд л түүнийг олоод очсон юм.

Нөхцөл байдал шууд сонирхолтой байгаагүй боловч энэ уулзалт хэд, хэдэн зүйлийг бодогдуулж байлаа. Тэргэл нэг биш нэлээн олон хоногийн дараа эндээс явах байсан ч зүгээр л тэр өдөр зориг гаргаж, хорхойгоо дарах гэж надтай уулзахыг хүсчээ. Гэвч яг уулзах гээд очих үед нь нөхөр нь хойноос нь дагаад ирчихсэн байж.
Би машины гадаа, Тэргэл надаас арван тав алхмын цаана, түүний ард мөн арваад алхамын зайтайд нөхөр нь зогсож байв. Бид гуравын дунд тэгэхдээ шулуун зураас татагдахааргүй, зөвхөн Тэргэл болон тэр залуу хоёрын дунд л адил хүлээн авагчтай мэдрэгч ажиллаж байгаа.

Тийм болохоор би юм дуугарсангүй, зүгээр л инээмсэглээд, залуу руу үл ялиг дохичихоод машиндаа суулаа. Хөдлөөд явах агшиндаа машины толинд Тэргэл хэрхэн нөхрийнхөө зүг дөхөн алхахыг ажиж амжсан. Гучин метр хэртэй яваад уулзвараар эргээд түр зогсов.

Тэргэл тэр хоёр хаашаа явах бол гэдэг сонирхолтой асуулт төрөв. Тэднийг хармаар санагдаад буцад эргэхэд нөгөө хоёр яг хөдөлж байлаа. Өгөөжийн гудамжаар эргэж орж буйг нь хараад алсуур дагав. Төмөр замын цагдаагийн зүүнтэйд очоод зогсож буйг нь харчихаад тэднийг байр руугаа орсных нь дараа замын эсрэг талд машинаа тавиад явж орлоо. Яг энэ агшинд "Утгагүй юм" гэх шүүмжлэл өөртөө оногдуулмаар санагдаад түр зогсноз хийхэд өөдөөс хаалга гэнэт хүчтэй онгойгоод нэг хүн намайг мөргөх шахав.

Ухас хийн ухраад харахад миний зугатаж, зугатаж явсан жаахан охин өөдөөс харж байх юм. Тэр намайг хармагцаа шууд хөмхий зуув. Эрхлэнгүй харагдана. Тэгш тайрсан үс нь огт хөдлөхгүйгээр тэр над руу ширтэнэ.
Энэ харцнаас мултарч чадахгүйгээ мэдээд, бас гадаа түүнтэй ширтэлцэн зогсохоосоо бантаад:
- Би яг чам руу ирж байлаа. Ингэж удаж байж ирсэнд уучлаарай гээд хэлж орхив. Охин:
- Тийм л юм бол яагаад над руу залгаагүй шууд ирж байгаа юм. Би өдийд хичээлтэй гэдгийг чи мэдэж байгаа биз дээ. Худлаа ярь гээд тэр тулгасан байртай толгойгоороо өнгөлзөв.
- Үгүй ээ, харин чамайг хичээлтэй эзгүйд би ирээд дасчихсан юм аа. Танай давхарын дээр тамхи татаад, чамайг шатаар гарч ирэхийг хүлээдэг юм. Энэ удаа л харин тааралдчихлаа.
- Тийм л юм бол... гэснээ охин дуугүй болов.
 Үнэхээр би түүнийг хүлээж шатан дээр тамхилж зогсох байсан гэж үү?
Цонхоор нар ташин тусч, хоосон хөх өнгийн орцон дотор ганцаараа тамхи татаад л. Тэр шатаар ч юм уу лифтнээс бууж ирээд явахад түүнийг үнэрээр нь таниад л. Тэр үнэр харанхуйд ч, гэрэлтэйд ч яг адилхан шууд л намайг зорин асар хурдтай ирэн мөргөөд л. Иймэрхүү төсөөлөл тархиндаа ургуулж байх хооронд охин:
- Би буцаад орох хэрэгтэй байна. Түлхүүрээ хаалганд зоогоод орхичихож гэв.

Таван давхарт гарч ирээд лифтнээс буухад хаалганы өмнө Тэргэлийн нөхөр зогсож байв.
Охин түүн рүү,
- Сайн уу гээд цоглог мэндэлчихээд зөрөхөд харин тэр над руу маш ноцтой харчихсан зогсож байлаа.

Чөтгөр гэж. Яагаад ийм зүйл болоод байна аа гэж дахиад л өөрийгөө буруутгав. Энэ үед би арай хийж л хаалгаар гарахаа самбаачлан түүний цаана гараадхав. Ёстой дуугарах, байх, яах аа мэдэхгүй балмагдаж байхад охин тэндээс,
-Хүүе, чи тэгээд жинхэнээсээ над дээр ирсэн юм уу гэлээ. Түүнийг л дуугарахаар өөртөө итгэл орчихдог зан хөдлөж,
- Энэ удаа ч би чамайг байхад ирдэг азтай байна шүү гэж хэлээд түүн рүү алхав. Тэргэлийн нөхөр юу гэж бодож тэнд үлдсэнийг бүү мэд. Би шууд л охины хаалга руу дөхөж очоод,
- Хүйтэн уух юм байгаа юу гэж асуулаа. Намайг ирсэнд охин тэгэхдээ баяртай л байх шиг харагдана.

Охин гэдэг нь энэхүү хоёр өрөө байранд долоон найзтайгаа хамт амьдардаг Асү юм. Гурван найз нь анагаахын оюутан, хоёр найз нь Загвар, дизайны сургуульд явдаг ба тэр ганцаараа хэлний чиглэлээр сурдаг байв. Тэгэхдээ чөлөөт цагаараа Асү хэлнээс өөр чиглэлийн, физик, биологи гэх зэрэг баахан л сургалт, хүний нөөцийн академи, кизомбе бүжгийн дугуйлан, ууланд аялагчдын бүлгэмд хамрагдаад явж байдаг. Тийм ч учраас түүний өрөө гэж хэлж болох хэсэг нь элдэв янзын зүйлээр дүүрчээ.
Хоёр өрөө байрны жижиг өрөөнд нь тэр Уянгатай хамт байдаг. Бусад тавын хоёр нь гал тогооны жижиг тасалгааг тусдаа өрөө болгосон байх бөгөөд гурав нь тагттай том өрөөнд хамт байдаг. Асүгийн өрөөнд ханаар нь дүүрэн янз бүрийн юм өлгөөтэй байх боловч надад үнэндээ тэр хананы цаадах зүйл илүү сонирхолтой санагдав. Тэгээд Асүүг ус хийх хооронд "Хараагүй, сонсоогүй, хэлэхгүй" гээд чихээ дарчихсан гурван сармагчинтай цагны хажуу ханыг тогшиж үзэв.
Ямар ч байсан цаад айлын хүмүүс чанга ярьвал сонсогдохоор нимгэн хана бололтой.
Ингэж бодоод жижиг төгөлдөр хуурны урд тавьсан сандал дээр суугаад цагаа тайлж, төгөлдөрийн дээр тавив.

Охин хичээлдээ явмааргүй болчихлоо гэсээр өрөөндөө орж ирээд шууд л өвөр дээр суучихав.
Түүний дэргэд миний үлдээгүй шалтгаан их энгийн. Тэр хэтэрхий задгай ч юм шиг, тэгсэн хэрнээ аягүй чанга ч юм шиг. Нэг тийм ойлгомжгүй. Хэрэв гар утсыг нь аваад үзэх юм бол түүн рүү дор хаяж таван өөр залуу ямар нэг зурвас бичсэн байгааг олох биз. Тэгэхдээ тэр хаяа хамт хоносны өглөө өндөр, зайдас шарчихсан, доогуураа бариу жинсэн өмдтэй ч дээгүүрээ нүцгэн чихээрээ цонх руу харчихсан тамхи татаад зогсож байдаг.
Тэр мөчийг нь бодохоор энэ охин надтай үүрд байж чадна гэсэн мэдрэмж төрөөд байдаг.

Гичтэй зайдсыг тэр л ганцаараа амттай шардаг юм шиг, өндгөн дээрх хар перц Асугийн гарнаас унасан болохоор л хамгийн амттай байх шиг санагддаг. Харамсалтай нь тэр тийм ч хөөрхөн биш. Хөөрхөн биш гэдэг нь хамт гадуур явж чадахгүй, би түүнтэй явж байгаагийнхаа төлөө бусдаас ичмээр гэсэн үг л дээ. Тэр солонгос охид шиг будахаараа бол боломжийн л доо. Тэгэхдээ будаггүй үедээ яагаад ч юм бэ нэг өөдөөс нь тухтай харж чадамгүй төрхтэй.
Анх би түүнтэй цахимаар холбогдоод дасчихсан болохоор эхлээд уулзаж байхад царайнаас нь тэгтлээ цэрвэж байсангүй.
Тэр ч өөрөө байнга л том юүдэнтэй цамц, эсвэл том хэлхгэр малгай, нарны шилтэй явдаг болохоор заримдаа амар л байдаг. Нүд нь долир биш боловч яг эгц харахаар нэг л эвгүй харагдуулаад байдаг сорви хөмсөгнийх нь дор байдаг. Тэгээд арьс нь бага зэрэг цөлжиж байгаа газрархуу гадаргуутай харагдаад байдаг.
Бусдаар бол тэр уул нь маш сонирхолтой бөгөөд тачаангүй. Зуны орой тэр анх надтай уулзахаар ирэхдээ хөвсгөр том торон даашинзтай, цээжээрээ бариу корсеттой, тайрмал үстэй, том гэгчийн хар нүдний шилтэй охин байсан. Өндөр нь 155 см-т ч хүрэхгүй атлаа өсгийтэй гутал өмссөнийхөө ачаар харц нь надтай ойролцоо тусч байлаа. Алхахад нь даашинзны урт онооны ардаас нь нэлээн том муур дүрсэлсэн өнгөт шивээс харагдаж байсан. Гар нь ч бас нэг их удаагүй өнгөт шивээсээр дүүрэн байлаа.

Одоо бол түүнийг харахад аль ч шивээсийг нь далдалсан цэвэрхэн цагаан цамц, хар өмд өмсөж, үсээ тэгшхэн тайруулсан байх ба цагаан хүрээтэй шил зүүжээ. Арьс нь бас нэлээн амарсан байгааг харахад тэр ойрд тайван амьдарч байгаа бололтой.

Бид хэн нь түрүүлж нэгийгээ үнсэх вэ гэсэн шиг хэсэг өөд, өөдөөсөө харан суулаа. Энэ үед харин хажуу айлаас маш чанга хөгжим дуугарч эхлэв. Ямар нэг психоделик транс бололтой.


үй олон хүн дунд ганцаараа ...

үй олон хүн дунд ганцаараа, ганцаархнаа цасан цагаан хувцастай тэр өдөр их дэлгүүр дотор явж байсан. үдшийн 19 цаг, кассны дугаарлалт бараг л таван минут хүлээлгэхээр харагдана.
элгэндээ тэвэрсэн нэг шил шарзнаас өөр зүйлгүй, улаан цэнхэртэй шилнийхээ цаанаас хүмүүсийг харж яг таван минут зогсов.
худалдагч шарзны үнэ болох мөнгөний дүнг хэлээд шил рүү минь харлаа.
хэтэвчээ нээгээд шив шинэхэн гурван агч модны навч сарвайтал худалдагч түрүүнийхээсээ арай өөрөөр над руу хараад,
-уучлаарай, та тоглоом хийлгүй хурдалж үзэхгүй юу гэв.
би бодох нь ээ гурвын гурван агч модны навч энэ муу шарзанд хүрэхгүй л юм байж гэж бодоод хэтэвчнийхээ дотоод халаасны цахилгааныг нээв.
миний ард хүлээж ядсан байдалтай нэг охин зогсч ядан байхыг би харж амжив.
хонгорзул, вансэнбэрүү, бас нэг цэнхэр сарнай тэр дотуур халаасанд байсан болохоор би
-уучлаарай, хэдхэн хором хүлээхгүй юу гээд цүнхээ уудлав. тэгээд атга дүүрэн шар, ногоон, улаан алагласан навчнуудаа гаргаж ирээд,
-хариултыг нь өөртөө үлдээж болно оо гэж хэлээд явах гэтэл гэнэт бүх зүйл нам гүм оргиод явчихсаныг анзаарав.
цаг зогсчихсон уу, хүмүүс хөдлөхгүй байгаа юм уу, ямар ч чимээ амиа, хөдөлгөөн харагдахгүй.
би ч яг зогссон байдлаасаа хөдлөлгүй гайхсан нүдээ ийш тийш эргэлдүүлэн байв.
хяналтын камерны улаан гэрэл анивалзаж байна. тэгэхээр ...
намайг кассны вандан мөргөөд, шалан дээр унахад цүнхээ хааж амжаагүйгээс болоод дээш олгойдсон бүх цэцэг, навчис минь миний араас даган унав.
их дэлгүүрийн таазнаас цэцгээр бороо орохыг үздэг би азтай хүн юм аа гэж өөртөө хэлээд инээмсэглэв.
тэр чигтээ хэсэгхэн хэвтлээ.
үй олон хүн миний толгой дээрээс өнгийн харна. энэ үер дэлгүүрийн хамгаалагч нар гүйлдэн ирж намайг бушуу бос гэж байгаа бололтой гараараа занган, ам нь хий ангалзан байх юм. би юу ч сонсохгүй байгаа тэр л хэвээрээ.
кассчны дээр байрлах гэрлийн бүрхүүлэнд тогтон ядсан нэгэн вансэмбэрүүн навч унахыг харах агшинд буцаад дуу чимээ орлоо.
энэ олон хүмүүсийн шуугиан, инээд ханиад бүгд надад зориулагдсан болохыг би ойлгоод дээш харвал хоёр хамгаалагч намайг газраар чирэн виски олгох вандангийн хажуугаар чирч байв.
-хүүе, хүүе юу болж байна гэсээр би түргэлэн өндийтэл тэрүүгээр дүүрэн нэрхийх инээд сонстов.
-эрхэмээ, та чинь юундаа намайг газар чирнэ вэ? гэж асуутал нөгөө эр надтай ярих тун дургүй байгаа бололтой.
эргэн тойрноо харлаа. өө хөөрхий, миний цүнхэнд, миний цуглуулганд байсан хайран сайхан навчнуудыг минь бүгдийг тараачих аа шив. дэргэдүүр хар хүрэм, урт үстэй хоёр залуу хос эвгүй харц шидэн өнгөрлөө.
гэтэл тэр хоёрын эрэгтэй нь зогтуссанаа буцаад над руу ирсэнээ хамар руу хүчтэй цохив.
би ойлгосонгүй, юу ч ойлгосонгүй.
хамраас минь цус асгарч хөл дор хөглөрөх цагаан уулс дээр улаан толбо бий болов.
түрүү намайг чирч явахад задарсан үс энэхэн үест агшиж, толгой руу минь буцаан хураагдаж байв. ямар нэгэн зүйл ойлгоогүй хэвээрээ өнгийн харвал хар хүрэмтэй хосын охин нь тэр цаана над руу харасхийн утсаар ярьж, залуу нь гараа базлан зогсоно.
эргэн тойрноо дахиад харав. намайг тоож байгаа хүн байтугай камер ч алга. миний нүдний урдуур цүнхэнд байсан зүйлсийг минь үл ойшоон гишгэлэн зөрцгөөх үй олон хүмүүс.
халааснаасаа хэтэвчээ гаргаж үзлээ. нэг хонгорзулаа гаргаад алгандаа хөнгөн атгаж, үнэрийг нь нэг үнэртээд үгээ шившлээ.
дараа нь кассчинд эргэж очоод
-уучлаарай би сая шарзаа авахаа мартчихаж гэж хэлээд хорин евро өгөөд, хариулт мэдээж чинийх гээд гарлаа.
кассчин охин миний араас түрүү, түрүүчийнхээсээ бүр өөр харцаар харж байгааг би мэднэ.
халзан толгой, хүзүүн дээрх шивээсийг минь ширтсээр үлдсэнийг нь бас мэднэ.