Blacker

Галт шувууны үүрэнд

Галт шувуу мэт аварга үүлийг нэвт гэрэлтүүлсэн улаан нар тэнгэрийн мандалд гарч ирлээ. Энэ нар Номинд "Түүнийг яах вэ?" гэх асуултыг дахин сануулав. Хайр дурлалд хожих, хожигдох гэж байхгүй, зөвхөн оролцдог гэдэг үгийг тэр өчигдөр санамсаргүй уншсан билээ. Тэгэхэд сэтгэлд сайхан мэдрэмж төрүүлэх гэж хэрэндээ хичээсэн тэр залуугаас би бүр мөсөн холдож чадна гэж үү гэж бодсон. Хэрэв Номин түүний дугаарыг түгжчихвэл, дахин дуудлага хүлээн авахгүй болчихвол бүх зүйл амар амгалан болчих мэт. Ингэж өөрийнхөө оролцоог шууд түс тас хаах юмсан гэж бодовч яг шийдэж чадахгүй эргэлзэнэ. Өөрөө энэ хайр дурлалын харилцаанаас гарчихвал олон зүйлийг алдаж, сэтгэл хоосон үлдэх юм шиг битүү айдас сэтгэл дотор нь бодтой оршиж байлаа. Тэгэхдээ л түүнээс салах ёстой.

Номинд иймэрхүү хувийн бодол үүрээр ажилдаа гарахад нь л цөөн хоромд бодогдоод өнгөрдөг нь азтай хэрэг. Говьд, уурхайн ажил өглөө нэг л эхэлсэн бол орой амрах хүртэл өдөр гялс өнгөрнө. Орой нар шингэхэд уурхайн ажилтнууд бүгд л шууд унтаж, амрахыг хүсдэг. Юун өөрийн сэтгэлийн асуудалтай зууралдах. Яах вэ, иймэрхүү чөлөөт агшнууд кофе хүлээж байхад ч юм уу эсвэл газрын гүн рүү, 1300 метр луу цахилгаан шатаар уруудаж явахад төрж болох ч амархан сарнина. Энэ өдөр харин Номин ажлаа биш түүнийг өдөржин бодох болов. Учир нь өнөөдөр бол тэдний танилцсан өдөр билээ.

... Төв шуудангийн дэргэдэх кофены мухлагт хүн цөөтэй бөгөөд Номин гадаа орж байгаа бороог цонхоор ажиглан сууна. Тэр ерөнхийдөө байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авдаг болохоор энэ бороо ердийн нэгэн бороо л байлаа. Түүний цаана суугаа охин болохоор бороог өөрт нь ямар нэгэн шинэ учрал авчрах шидэт үйл явдал мэтээр бишрэн харж, цонх руу улам дөхөж, урдуур нь зөрж өнгөрөх залуу бүрийн нүдийг олж харах гэж хичээж байх шиг санагдана. Гэтэл тэдний өмнө нэгэн савхин хүрэмтэй залуу гарч ирэв. Гартаа шав шар өнгийн баглаа цэцэг барьчихсан өнөөх залуу цонхны цаана суугаа хоёр бүсгүйгээс "Би Номинг сонгож байна" гэх шиг түүний өмнө ирээд зогсчихов.
Номин дэргэдээ суугаа охин руу харахад тэр гар утас руугаа шагайж байлаа. Харин залуу Номин руу харсаар. Ямар ч сэтгэл хөдлөлгүй нүдээр Номин залуу руу тогтон ширтлээ. Залуу инээмсэглэв. Хөөрхөн гэж хэлж болохоор, хүүхэд шиг гэнэн цайлган нүд нь бороонд бүр ч тод харагдах шиг. Залуу ямар ч бичиг, сачиггүй цулгуй хар өнгөөр хувцасласан нь охинд таалагдав. Тэгэхдээ энэ цонхны цаана, солиотой шар цэцгийн баглаа барьчихсан байгаа үл таних хүн рүү тэр удаан харахыг хүссэнггүй. Өмнөө тавьсан сэтгүүл, тэмдэглэлийн дэвтэр сэлтээ цүнхэндээ хийгээд кассчин руу өндийв. Тооцоогоо төлчихөөд явахаар зэхэж байхдаа Номин дөнгөж сая ямар нэгэн залуутай харц тулгарч байснаа ор тас мартчихсан байлаа. Харин хэтэвчээ үүргэвчиндээ хийчихээд эргээд гарах гэтэл залуу түүний ард кофе барьчихсан зогсоно. Нөгөө цэцгээ сугавчилчихаж.
Хэрэв Номин "Мастер Маргарита хоёр"-ыг уншсан бол энэ үйл явдлыг насан туршид мартагдахгүй онцгой учрал гэж хүлээж авахсан. Даанч энэ учралыг ийм дэрвүүнээр хүлээж авахуйц эмэгтэй Номин биш. Харин нөгөө цонхны дэргэд сууж байсан охин тийм байж мэдэх авч залуугийн анхаарлыг татахааргүй царай муутай байсан бололтой. Тэр царай муут бүх л оройн турш ,(магадгүй бүх л амьдралынхаа турш) романтик учрал өөрт нь ирнэ гэж хүлээсэн байх. Харамсалтай нь залуу угаас үл таних этгээдүүдэд хүйтэн, хөндий ханддаг Номингийн өмнө гараад ирчээ.
Залуу Номин руу харж инээсэн ч дэргэдүүр нь зөрөөд, кассчин дээр очлоо. Номин харин гарч одов. Тэр гэрлэн дохион дээр ирэхэд гадаа орж байсан бороо жаахан ширүүсэх янзтай болов. Номингийн гэр эндээс  зайтай боловч тэр алхахыг хүсчээ. Ойролцоогоор таван гудамж хэртэй зай байв. Шүхэргүй яваа ч саарал өнгийн үс нь бороонд норж, хацар луу нь дарах нь түүнд таалагдаж байлаа. Энэ таатай мэдрэмжийг нь гэнэтийн нэг сүүдэр тасалдуулж орхив. Эргээд хартал нөгөө шар цэцэгтэй этгээд хаанаас ч юм бэ шүхэртэй болчихоод, ард нь иржээ.
- Сайн уу, зоонтиктой хань хэрэггүй биз гэж тэр асуулаа.
- Хэрэггүй дээ, надад бороо таалагдаж байна. Харин чи биш гэж тэр жишим ч үгүй хэлчихээд урагш алхаллаа.
- Чиний үс нороод байна шүү дээ.
- Чиний шүхэрний доор байснаас л дээр байна гэж Номин хэллээ.
- За тэгвэл дараа уулзая! гэж залуу өөдөөс нь тоомжиргүй хэлчихээд алхаагаа түргэсгэн түүний урд гарч алхлаа.
Залуу тийм ч өндөр биш, бие барьсан хар өмд, хөнгөн кеттэй бөгөөд хэн ч харсан аятайхан гэж хэлэхээр байлаа. Тэгэхдээ нэг тэнэг шар цэцгийн баглаатай. Охин түүний ард явж байснаа,
- Чи энэ цэцгээ хаанаас олж авсан юм бэ? Ийм цэцэгтэй бол чамд охид татагдана гэж бодоо юу хэмээн асуулаа.
Орос элчингийн хойд талын замаар хоорондоо бага зэргийн зайтай алхаж байгаа тэр хоёроос өөр хүн гудамжинд алга байлаа. Залуу хойш харангаа,
- Үгүй дээ. Тийм биш. Өнөөдөр би энэ цэцгүүдийг уулнаас авсан юм. Замд явж байхад хараад зүгээр л авмаар санагдаад л.
- Ямар уул?
- Зүүнхараа руу эргэдэг замын тэнд байдаг хустай уул. Чи тэр газрыг мэдэх үү?
- Дарханы зам дагуу байдаг уу? Сэлэнгэ рүү явж байхдаа би бас тэр хавиар шар цэцэг их гардагийг харж байсан юм байна шүү.
- Тийм ээ, тэр газар.
- Чи тэгээд өнөөдөр хөдөөнөөс ирсэн юм уу.
- За бараг л тийм. Ер нь бол Петербургээс ирж байгаа юм.
- Петербург ээ?
- Тийм ээ, Байгаль далай, тэгээд Алтанбулаг, Улаанбаатар гээд л машинаар яваад ирсэн.
- Тэгвэл тийм хол газраас ирсэн хэрнээ яагаад гэртээ биш, энд гудамжинд явж байгаа юм бэ?
- Ер нь бол би гэртээ л ирчихсэн байна. Энд ирээгүй удсан болохоор унтах хүсэл төрөхгүй байлаа л даа. Тэгээд ч замд нэлээн унтсан. Харин чи харьж яваа юм уу?
- Тийм ээ.
- Чиний үс?
- Юу гэж?
- Яагаад ийм саарал өнгөтэй юм бэ?
- Зүгээр л. Надад таалагддаг юм.
- Надад ч бас таалагдаж байна.
- Баярлалаа. Тэгэхдээ би өөр хүнд зориулж будсан юм.
- Хэнд юм бэ?
- Нөхөртөө. Энэ удаа Номин худлаа хэлмээр санагдлаа. Тэр яагаад ч юм бэ хүнтэй танилцахаараа янз бүрийн дүр эсгэчих гээд байдаг. Тэгэхдээ цаад хүндээ таалагдах гэж биш, харин өөрөөсөө түлхэх гэж тэгж хэлдэг хэрэг.
- Нөхөр ий?
- Тийм ээ.
- Чамд нөхөр ч байхгүй, бүр найз залуу байхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.
- Чи үзмэрч юм уу. Аан, оросоос ирсэн гэхээр аягүй бол Зөн билгийн тулаанч байх л даа гээд Номин жогтой инээв. Харин инээх нь залууд таалагдсан бололтой.
- Үгүй, үгүй. Би зүгээр л нисэхийн ангид сурдаг. Тийм болохоор надад ямар ч зөн билэг байхгүй. Бүх зүйлиийг бодит, тооцоон дээр үндэслэж боддог юм.
- Тэгвэл яаж намайг найз залуугүй гэж хэлж байгаа юм бэ?
- Хэрвээ чи найз залуутай байсан бол миний өөдөөс тэгж ширтэхгүй байсан.
- Би чам руу яаж ширтсэн юм.
- Юу ч гэмээр юм бэ дээ, зүгээр л энэ хүнд би итгэж болох уу гэсэн шиг харж байсан. Тэр цонхны цаана.
- Чи дандаа цонхны цаанаас үнэн, зөв мэдээлэл авдаг уу?
- Үгүй дээ. Энэ удаа л.
- Тэгвэл чи алдсан байна.
- Тэгвэл чиний нөхөр хаана байгаа юм бэ?
- Оюу толгойд.
- Эзгүй байгаа нь сайн хэрэг.
- Юу гэнэ ээ? Тэр эзгүй байх нь яагаад сайн гэж.
- Би чамтай өнөөдөр уулзлаа шүү дээ. Дараа ч бас уулзана гэж бодож байна.
- Би харин өөр зүйл бодож байна шүү.
- Юу юм бэ?
- Маргааш гэхэд л би нөхөр дээрээ оччихсон байх болно.
- Чи бас Оюу толгойд ажилладаг юм уу.
- Тийм ээ. Энэ удаа охин үнэнээ хэлжээ. Тэр говьд, шинэ уурхайд очоод хагас жилийн хугацаа өнгөрсөн байлаа. Тэнд хоёр долоо хоног ажиллаад, Улаанбаатарт нэг долоо хоног амардаг хуваарьтай ажилладаг юм.
- Тэгвэл юу хийдэг юм бэ?
- Би юу.
- Тийм ээ, нөхөртэй чинь би уулзах гээгүй шүү дээ. Энэ үг Номинд таалагдав. Үнэндээ хаана ч байхгүй нөхрийн тухай худлаа ярих нь үргэлж таалагддаг ч энэ удаа харин дэмий тэгж хэлэв үү дээ гэсэн бодол орж ирлээ.  Учир нь залуутай ярилцах нь охинд тааламжтай сэтгэгдэл төрүүлжээ.
- Архитектор гэж охин товчхон хэлэв.
- Аан. Би чамайг орчуулагч байх гэж таамаглаж байлаа. Илүү гоё мэргэжилтэй юм байна.
- Тийм шүү.
- Тэгвэл чи минималист уу?
- Үгүй шүү. Исламист.
- Айн?
- За, тоглосон юм аа. Зүгээр л надад бүх юм таалагддаг. Мэдээж минимал хэв маяг ч бас.
- Надад харин модернизм таалагддаг.
- Жишээ нь?
- Бүжиглэж буй байшин.
- Прагийн уу?
- Тийм ээ. Би тэнд нэг удаа очиж байсан.
- Тэгээд ямархуу сэтгэгдэл төрж байх юм бэ?
- Хэзээ Монголд ийм барилга хүмүүс барих бол оо гэсэн сэтгэгдэл төрсөн.
- Барих л байлгүй дээ.
- Магадгүй чи байх тийм үү?
- Магадгүй би биш байх гэвэл илүү зохих юм байна.
- Яагаад
- Яагаад гэвэл тэр хүртэл их хол байна.
- Чи чадна аа. Би мэдэж байна.
- Нөгөө үзмэрч зан нь дахиад гараад ирлээ.
- Үгүй дээ. Яг л чам шиг ийм жийнсэн хослол, үүргэвч үүрсэн, бусадтай танилцах дургүй хүмүүс агуу ихийг бүтээдэг гэж надад санагддаг юм.
- Чи тэгвэл дандаа хүний нүүрэн дээр ингэж хоосон цэцэрхдэг үү?
Энэ асуулт арай хатуудах шиг болжээ. Залуу хэсэг хугацаанд дуугаа хураав. Тэд Хүүхдийн зуугаар алхсаар, Голомт хотхоны ойролцоо иржээ. Бороо ч бараг тогтсон байв. Охин хоолойгоо засаад,
- За би бараг ирчихлээ.баяртай гэв.
- Баяртай. Дараа уулзъя.
- Дараа гэж байхгүй гэж бодож байна. Баяртай гэсээр охин явж одов.

Охин гэртээ орж ирээд нойтон хувцсаа тайлж орхиод буйдан дээр түрүүлгээрээ хэвтээд өгөв. Бодолд нь цүнхэндээ эмхэлж авах ёстой зүйл, үүрээр онгоцны буудал руу явах тухай, бас нөгөө тэнэг шар цэцэг зэрэгцэн орж ирнэ. Тэгээд гар утсан дээрээ өглөөний 03:30 минутанд сэрүүлэг тавьчихаад унтаад өглөө.
Хэрэв түүний унтаж байгааг залуу харсан бол түүнд бүр ч илүү дурлах байлаа. Өндөр шулуун хамартай, өтгөн хөмсөг, булбарай уруул, өндөр хүзүүтэй тэр охин унтаж байхдаа илүү хөөрхөн харагдана. Залууг замаас авсан цэцгээ бараг л хаана ч хамаагүй тавих гэж байхад тэр охин гэнэт харагдсан. Цонхны цаана, чимээгүй сууж байсан охинд л энэ цэцгийг өгөх гэж түүсэн юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн билээ. Гэвч тэр "Би ирчихлээ" гэж хэлээд л алга болсон. Харин түүнтэй дахиж уулзах болов уу. Залуугийн толгойд Оюу толгой гэсэн ганцхан түлхүүр үг байлаа. Ингээд бодоход залуу охиноос нэрийг нь асууж амжаагүй юм байна.
Нэгэнт өтгөн кофе уусан болохоор нойр нь хүрэх янз алга. Харин өнөө өөрийг нь нэг их тоохгүй байсан охин л толгойд нь бодогдоно.

Энэ залууг Саруул гэдэг бөгөөд Санкт Петербургт хоёр жил сураад, цааш үргэлжлүүлэх мөнгөгүйн улмаас эргээд Улаанбаатарт иржээ. Харин Улаанбаатарт хэн ч түүнийг хүлээгээгүй байлаа.




No comments: